Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилууллаа

2025 оны 12 сарын 30

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл болох дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Францын “Пома групп” хариуцан гүйцэтгэж дотоодын “Моннис инженеринг” ХХК, “Цагаан уран хийц” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төсөлд шаардлагатай бүх бараа материалыг Франц улсаас импортолж байгаа бөгөөд 150 чингэлэг ачаанаас 114 чингэлэг ачаа төслийн талбайд бууж, барилга угсралтын ажилд ашиглаж байна. Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай.

Тус бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, барилга угсралтын ажлыг 2025 оны  гуравдугаар сарын 10-ны өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар төслийн нийт ажил 54 хувьтай үргэлжилж байна. Дүүжин замын тээврийн 19 тулгуур багана суурилуулахаас 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Мөн 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсолтгүй үргэлжилнэ. 2025 оны долоодугаар сарын 8-нд Дүүжин замын тээврийн үйл ажиллагааг хариуцах байгууллага “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, зорчигч тээврийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангасан. Уг төслийн хоёрдугаар шугамыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн” чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтойгоор төлөвлөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666936
0 эможи

keyboard_arrow_up