Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

2025 оны 12 сарын 16

Arslan.mn

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн ч, авто замын сүлжээ ердөө 19 хувиар тэлсэн нь замын хөдөлгөөний эрэлт, даацын тэнцвэр алдагдахад хүргэсэн. Үүний улмаас хотын замын сүлжээ ачааллаа бүрэн даах боломжгүй болж, оргил цагийн үеийн дундаж хурд 7–13 км/цагт хүрч буурсан байна. Замын  түгжрэл нь иргэдийн цаг хугацаа, эдийн засгаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж буйг холбогдох судалгаануудаас харж болно. Тухайлбал, агаарын бохирдлын 10 хувь нь Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй бөгөөд хөдөлгөөний удаашрал, тээврийн хэрэгслийн хоосон асалт нь хорт хий, тоосонцрын ялгарлыг нэмэгдүүлдэг байна. Иймд энэхүү асуудлыг системтэй, урт хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Төсөл хэрэгжсэнээр нийслэл орчмын бүс нутгийн авто замын сүлжээг нэгтгэх стратегийн ач холбогдолтой бөгөөд тус зам нь Дархан-Уул аймаг чиглэлийн авто зам, Налайх–Чойр чиглэлийн зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны авто замуудтай холбогдоно. Ингэснээр хотын төвөөр дамжин өнгөрдөг транзит тээврийн урсгал саарч, орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлийн гудамжаар дамжин өнгөрөхдөө түгжрэл үүсгэдэг байдал буурах, улмаар замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666789
0 эможи

keyboard_arrow_up