Автобусанд тамхи татсан болон буудал дээрээ зогсоогүй жолооч нарт ХАРИУЦЛАГА ТООЦОВ

2025 оны 12 сарын 12

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 12 дугаар сарын 4-10-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

  • Санал: Ч:41 “Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг” чиглэлийн хүлээлгийн хугацаа хэт удаан байна. Эцсийн буудлаас хөдлөх боломжтой 3 автобус байгаа ч хөдлөхгүй. Нэг дор 3 автобус зэрэг хөдөлсөн. Эхний ирсэн автобусанд суусан ч зам халтиргаа гулгаагүй түгжрэлгүй үед зориудаар 20 км/ц-аас бага хурдаар яваад байна.

Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн 11-099 гарааш дугаартай автобусны жолооч хийгээ хурааж явсан гэсэн тайлбар өгсөн бөгөөд зөрчлийн талаар хэлж сануулан анхаарууллаа.

  •  Иргэний гомдол: Ч:79 (Монгол хюндэй киа компани-Хангарьд цогцолбор) чиглэлийн автобус удаан явж байна. Автобусанд нь маш чанга юм дуугараад төвөгтэй, тухгүй байна. Автобусанд үзлэг оношилгоо хийнэ үү.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Б.Сүхбатад 15-047 гарааш дугаартай автобусны техникийн байдал болон засварт орсон эсэхийг шалгаад эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.

  • Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Н.Дорж: М:2 (Зунжин-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байгаа 2-225 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-225 гарааш дугаартай автобусны жолооч С.Өлзийбаярт торгуулийн арга хэмжээ тооцсон.

  • Иргэний гомдол: Иргэн: М:1 (5Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-123 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Жолоочид гар оролцуулахгүй чихэвч ашиглан түр хугацаанд утсаар ярих талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

  • Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Зоригтхүү: Ч:43 (Баянхошуу-Ард кино театр) чиглэлд явж байгаа 1-004 гарааш дугаартай автобусны жолооч ЗХАБ-ыг хангаж ажиллахгүй байна. Гомдолтой, арга хэмжээ тооцож хариу мэдэгдэнэ үү. Толь шүргэсэн, шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд Гэсэр сүмийн уулзвараар хороолол руу өгсдөг замд суудлын автомашин 2-р эгнээгээр эргэж толь шүргэсэн. 2 жолооч бууж уулзаж байгаад салж явсан. Автобусны гадна ярианы бичлэг сонсох боломжгүй.

  • Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Энхбаатар: Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд явж байгаа 13-164 гарааш дугаартай автобусны жолооч нь хүн тээвэрлээд явж байх үедээ бууж бие засаад тамхи татаад зогсох юм. Хөдөө хээр яваа биш дээ. Арга хэмжээ тооцож хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Эрдэм транс ХХК-ийн 13-164 гарааш дугаартай автобусны жолооч Д.Эрдэнэбатад зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож цаашид зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

  • Иргэний гомдол: Х:12 (Хонхор эцэс-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 25-142 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй. Хонхорын эцэс зогсоол дээр 17:50 цагт ирж зогсоод явахдаа хүнээ авахгүй хоосон явсан.

Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад жолооч зогсож зорчигчоо суулгаж, буулгасан байна.

  • Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Оргил: Ч:38 (ХМК-Хайлаастын шинэ эцэс) чиглэлд явж байгаа 5-290 гарааш дугаартай автобусны жолооч нь зогсоол дээр зогсоогүй. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Камерын бичлэгийг шалгахад Дэнж урд буудалд буух хаалган дээр хүн байхгүй байсан тул явах гэтэл зорчигч бууя гэхээр буудал өнгөрөөд буулгасан. Буух хаалган дээрээ ойртоод зогсоож гэсэн. Зорчигч хаалган дээр  зогсохгүй байсан ч гэсэн зогсож хүнээ буулгаач гэхэд жолооч битгий балайраад бай гэсэн.

  • Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Т.Жаргалсайхан: М:1 (5Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-144 гарааш дугаартай автобусны жолооч ТБД андууд зогсоолоос хүнээ авахгүй явсан. Гэрлэн дохионы цаана хүнээ буулгаад өчнөөн хүн гар өргөөд дагаад гүйгээд байхад хаяж явсан.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-144 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад зөрчил илрээгүй.

  • Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Дагийрмаа: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран) чиглэлд явж байгаа 4-052 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч, хариу мэдэгдэнэ үү. Өмнө нь танай байгууллагад энэ жолоочийн талаар гомдол гаргасан. Өнөөдөр дахин автобус дотор нь сууж таарсан чинь ямар их гомдол гаргадаг юм дахиад хөлөө хүрэх газартаа очоорой гэх мэтээр хэл амаар доромжилж байна.

Шийдвэрлэлт: Блюбус ХХК-ийн 4-052 гарааш дугаартай автобусны жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон.

  • Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн С.Одончимэг: Ч:19А (Цагаан даваа-Сансарын үйлчилгээний төв) чиглэлд явж байгаа 16-013 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Монел 43 дээр зогсоогүй. Бууя гэсэн чинь энд зогсдоггүй юм буцахдаа буу гэж загнаж хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: ДЮЦ ХХК-ийн 16-013 гарааш дугаартай автобусны жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон.

  • Иргэний гомдол: 1-119 гарааш дугаартай автобусны жолооч автобусны картгүй хүүхдүүдийг хөөж буулгасан.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэрлэх дүрэмд “Жолооч тээврийн хөлс төлөөгүй зорчигчдод үйлчлэхээс татгалзана” гэж заасан байдаг тул жолоочид арга хэмжээ тооцох боломжгүй. Нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүүхдүүдийг багаас нь төлбөрөө төлөх, ахмад хүмүүст хүндэтгэлтэй хандах, соёлтой үйлчлүүлж, сургах хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666736
1 эможи

keyboard_arrow_up