Баянгол дүүрэгт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах ажлын хүрээнд “Хүчирхийлэлгүй хороо“ аяныг хэрэгжүүлнэ

Баянгол дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Цагдаагийн газар болон 1-34 хорооны албан хаагчдын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Алтанхуяг нар дүүргийн 1- 34 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан хороодын хэсгийн байцаагч нартай уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчил тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад Хамтарсан багууд хэрхэн яаж ажиллах талаар санал солилцлоо. Учир нь өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар дүүргийн хэмжээнд нийт 4152 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сарын байдлаар 4499 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 28,1 хувийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл эзэлсэн бөгөөд үүний 50 хувь нь давтан үйлдэгдсэн байна. Иймд дүүргийн Засаг дарга хороодын хэсгийн байцаагч нарт хариуцаж байгаа нутаг дэвсгэртээ гарч буй гэмт хэрэг болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл дээр хорооны хамтарсан баг хэрхэн яаж ажиллах, Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоог бууруулахад анхаарах талаар төлөвлөгөө гаргаж танилцуулахыг онцлов. Мөн дүүргийг бүсчилсэн байдлаар хувааж шаардлагатай хэсгүүдэд Цагдаагийн хэсэг байгуулах, энэ чиглэлд дүүрэг орон нутаг байр болон шаардлагатай бусад зүйлээр хангах боломжтой гэв.
Уулзалтын үеэр дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Алтанхуяг хороодын Засаг дарга нар хороондоо гарч буй гэмт эрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтарч ажиллах шаардлагатай. Хэрэв хариуцаж буй хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын үйл ажиллагаанаас болж удаа дараа нийтийн хэв журам алдагдвал мэдэгдэл хүргүүлэх цаашлаад үйл ажиллагааг нь цуцлуулах санал оруулах эрхтэй гэсэн юм.
Түүнчлэн дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ, дүүргийн Цагдаагийн газартай хамтран “Хүчирхийлэлгүй хороо” аяныг зарлаж, оны төгсгөлд сайн ажилласан хороо, хамтарсан багийг шалгаруулж, урамшуулахаар боллоо.






