Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн хүрээнд 2000 м.кв дайрга дэвсэж тэгшлэх, дам нурууны угсрах талбайг хусаж нягтруулах, 24000 м.куб хайрга дайрга дэвсэж тэгшлэх ажлууд бүрэн дуусаж, төслийн кемпийн 2000 м.кв талбайд дайрга дэвсэж тэгшилэн, 1000 м.кв талбайд бетон цутгалт хийжээ. Мөн төслийн талбайн дөрвөн байршилд түр зам барих ажил эхэлж, 11 дүгээр сард түр замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгажээ.
Туулын хурдны замыг нийт долоон орц, гарцтай байхаар төлөвлөж, Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүрээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаж Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах урьдчилсан тооцоолол гаргасан байна. Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна. Тус хурдны зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ. Нийт найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүрэн байгууламж, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулжээ.
Туулын хурдны зам нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг юм. Төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл болох аж.. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм.
