Б.Золтуяа: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 96,4 га газрыг авч, ундны усны бүсэд ТЕАТР болон ХУРДНЫ ЗАМ барихаар болсонд харамсаж байна

2025 оны 10 сарын 21

Arslan.mn

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44 га газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, Үндэсний урлагийн их театр барих асуудлыг хэлэлцэж, баталсан.

Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ –ын 40 га газарт нь буюу нийслэлийн ундны усны бүсэд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах Үндэсний урлагийн их театрыг барихаар, 52 га газарт нь Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг, 4,2 га газарт нь 1-р тойрог замын бүтээн байгуулалтыг хийхээр Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай оруулж иржээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх шийдвэрийг иргэд цахим орчинд ихээр шүүмжилж, нийслэлд байгаа ганц ногоон байгууламжтай хэсгээ барилгажуулах болсонд нь шүүмжлэлтэй хандаж байв.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяагаас тодруулахад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь төрийн тусгай хамгаалалтад байдаг ногоон бүс. Энэ бүс нь ундны цэвэр усны эхээ болон усыг тойрсон ногоон байгууламжаа давхар хамгаалдаг онцлогтой.

НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хурал дээр Үндэсний урлагийн их театрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барихыг төлөөлөгчид бүгд шүүмжилж, энэ нь цэвэр усны бүсийн хажууд эсрдэлтэй хэмээн санал, шүүмжээ гаргасан. 

Өөрөөр хэлбэл  Ногоон хөгжлийн хороо гишүүд Үндэсний урлагийн их театрыг хотын ногоон байгууламж, ундны эх үүсвэрийн бүсэд байгуулахыг бүгд эсэргүүцэж саналаа нэгтгэсэн. Тусгайлан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, холбогдох байгууллагуудаас санал авсан эсэх, барих газрыг өөрчилж Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн барих нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан. 

Гэтэл  өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын V хуралдаанаар НИТХ дахь МАН-ын төлөөлөгчид ундны усны эх үүсвэрийн хажууд барилга барих асуудлыг бүгд дэмжээд ороод ирсэн. Хорооны хурал дээр эсэргүүцэж байсан бүх төлөөлөгчид хүртэл дэмжиж байна гэх санал өгсөн.

Бид өөрсдийгөө болон ирээдүй хойч үеэ бодоод ногоон байгууламж, ундны эх үүсвэрээ хамгаалах нь нэн чухал байлтай. Нийслэлд бүтээн байгуулалт хийх бүрэн боломжтой зөндөө олон газар бий. Гэтэл яагаад заавал ундны эх үүсвэр дээр барилга барих гээд байгааг л ойлгохгүй байгаа юм. Энэ бол маш харамсалтай дүр зураг. Тэрнээс Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг огт эсэргүүцээгүй. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665999
1 эможи

keyboard_arrow_up