Ч.Мэндбаяр: ОСНААУГ-ын ажилчдын цалинг 50-60 хувиар нэмэгдүүлж, ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ
Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 78 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан ОСНААУГ-аас хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ОСНААУГ-ын УЗ-ийн гишүүн Б.Сэмжидмаа болон ОСНААУГ-ын ажилчид оролцлоо.
Арга хэмжээг нээж ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээ буюу орон сууцанд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үзүүлдэг 1935 инженер техникийн ажилтан, албан хаагчиддаа баярын мэнд хүргэе. Бидэнд өнөөдөр дуулгах нэг сайхан мэдээ байгаа нь ажилчдынхаа цалинг 50-60 хувиар нэмэгдүүллээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүрэг болгосны дагуу ажилчдын дундаж цалинг 3,3 сая төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмэгдүүлж байна. Нийслэлийн удирдлагын зүгээс манай байгууллагын ажилчдын цалинг нэмэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй 2025 онд ажилчдын хоол унааны мөнгөний дэмжлэгийг 4000 төгрөг байсныг 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Шугам сүлжээ шинэчлэх ажлын хүрээнд 15.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг дулааны үнэ тарифыг 39.2 хувиар бууруулж батлуулсан. Ингэснээр дулааны үнэ тарифын цэвэр орлогын хэмжээг 10 орчим тэрбумаар нэмэгдүүлсэн” гэдгийг энэ үеэр онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
Иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг, хамгийн хүнд хэцүүг төвөгшөөлгүй хийдэг ОСНААУГ-ын ажилчиддаа баярын мэнд хүргэе.
2024 оны нийт гүйцэтгэлээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай. Харин ээлжийн ажилчдын цалин сард ердөө 930 мянган төгрөг байсан.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд 2019 онд 110 мянган өрхөд үйлчилдэг байсан бол 2025 онд 145 мянган өрхийн 436 мянга 785 оршин суугч, 11.688 аж ахуйн нэгжид 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж байна. Ийнхүү таван жилд үйлчилгээ үзүүлдэг өрхийн тоо 35 мянгаар нэмэгдсэн хэдий ч инженер, техникийн ажилчдын тоо нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл, цалин, нийгмийн асуудлаас үүдэж нийтийн аж ахуйн салбарт хүний нөөцийн хомсдол үүссэн. Инженер, ажилтнууд тус газарт сурахаа сурдаг ч дамжин өнгөрөх байдлаар түр хугацаанд ажиллаад гардаг нь харуусал төрүүлж байсан билээ. Цалинг нэмэгдүүлж, 3.3 сая төгрөгт хүрснээр ажилчин, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажлын байр бий болж, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Цаашид ч орон сууц нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих ажил үргэлжилнэ” хэмээлээ.









