Сурагчдад өдөртөө 3 удаа дамжин суух эрхтэй нийтийн тээврийн шинэ карт тараана
Нийслэл хотын ирээдүйн иргэдэд нийтийн тээврээр хэрхэн зорчих, ямар үйлчилгээг хэрхэн авах талаар мэдээлэл өгөх, карт ашиглаж хэвшихийг улам өгөөжтэй болгох ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал удирдах ажилтнууд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон “Улаанбаатар смарт карт” ХХК, UBcard системийг хөгжүүлэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтанд оролцогсод сурагчдыг карт ашиглаж хэвшихэд нь хэрхэн туслах, хүндрэлгүйгээр зорчих ямар боломж байж болох, юунд анхаарах талаар санал солилцож, мэдээлэл өглөө.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоо 200 төгрөгөөр зорчдог бөгөөд хэрвээ картаа ашиглаж эхэлбэл өдөртөө 3 удаа дамжин суух эрх нь нээгдэж, нэг удаагийн зорчилтын үнэ 50 төгрөг болох боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар 37 мянган сурагчийн картыг UBcard худалдаанд гаргахад бэлэн байгаа ч хэрхэн сурагчдад тараах асуудал хүндрэлтэй байгаа. Иймд Нийслэлийн Боловсролын газартай сурагчдын картыг хэрхэн сургууль, багшид хүндрэл учруулахгүйгээр сурагчдад олгох технологийн шийдлийн талаар ойрын хугацаанд хамтарсан уулзалт хийхээр боллоо.
Нийслэлийн Засаг даргын зүгээс энэ ажлыг дэмжиж, сургууль болон багш нарыг урамшуулах арга хэмжээ авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байдаг. Иймд энэ ажлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгохыг холбогдох хүмүүст үүрэг болгов.









