ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Цагдаагийн тасралтгүй хяналт гэхээс илүү хуульд захирагддаг ААН, соёлтой, ухамсартай иргэн аюулгүй, тайван хотын баталгаа

2025 оны 9 сарын 05

Arslan.mn

НЦУГ-аас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд  нийслэл хотын дүүргүүдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар шөнийн 23 цагаас өглөөний 05 цаг хүртэл  явган болон авто эргүүлийг ажиллуулан иргэн, хуулийн этгээдээс гаргасан дуудлага, мэдээллийг түргэн шуурхай шалган шийдвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд манай сурвалжилгын баг цагдаагийн шөнийн эргүүлийн багтай хамт хүн ихтэй шөнийн цагаар согтууруулах ундаа ихээр худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага  олонтой нутаг дэвсгэр болох хүн бүхний хэлж заншсанаар "Хүүхдийн 100" орчим буюу "Сөүлийн гудамж"-д гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх  чиглэлээр хяналт тавьж ажилласныг сурвалжиллаа.

Шөнийн гудамжны амьдрал төдийлөн амар тайван байсангүй. Архидан согтуурсан иргэд биеэ зөв авч явах ухамсаргүйгээсээ болж, бусдад агсрах, зөрчил үүсгэх, улмаар гэмт хэрэгт холбогдох эрсдэлд хүрэх үйлдэл их ажиглагдлаа.

Харин цагдаагийн алба хаагчид шөнийн 02 цагт энэ бүхэнд шуурхай ажиллаж, аливаа эрсдэлийг газар дээр нь таслан зогсоож байлаа. Мөн зарим цэнгээний газар насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдан борлуулсан зэрэг зөрчил гаргасан тохиолдлуудтай ч таарав.

СБД-ийн цагдаагийн газрын хэмжээнд шөнийн эргүүлд 5 чиглэлд явганаар 10 алба хаагч, 16 чиглэлд 32 алба хаагч авто эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ба хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн 350-400 орчим дуудлага, мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэдэг гэдгээ энэ үеэр албаныхан хэлэв.

Тухайлбал, тус цагдаагийн газраас гудамж, талбай, олон нийтийн газар шөнийн эргүүлийг ажиллуулснаар,

  • Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 20 хувь,
  • Хүүхэд оролцсон гэмт хэрэг 60 хувь,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэмт хэрэг 5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Arslan.mn

Энэ үеэр шөнийн эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа СБД-ийн Гэр бүл, хүүхэд, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сүхбат "Цагдаагийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг болон зөрчлийг  шуурхай ажиллаж таслан зогсоодог. Гэтэл нөгөө талдаа иргэд биеэ зөв боловсон авч явах, гэмт хэрэг зөрчлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах,  аж ахуйн нэгжүүд  хуулийн хүрээнд  үйл ажиллагаа явуулах бол ийм их  гэмт хэрэг зөрчил гарахгүй. Тиймээс иргэн та архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж, олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явж, бусдад хүндэтгэлтэй хандахыг уриалж байна" гэв.

Товчхондоо, шөнө дөлөөр хэн нэгэн таныг заавал сахиж хамгаалахаас илүү,  иргэн бүр өөрийн хариуцлагыг ухамсарлан биеэ зөв авч явбал энэ хот илүү аюулгүй, илүү тайван байх боломжтой юм шүү. Аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд захирагдаж, иргэд соёлтой, ухамсартай байж чадвал цагдаагийн тасралтгүй хяналт бус, харилцан хүндлэл, хариуцлага нийгмийг хамгаалж чадна ...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
665235
1 эможи

keyboard_arrow_up