Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс “Хүүхэд хамгаалах өрөө“-г засварлаж, хүүхдэд ЭЭЛТЭЙ орчинг бүрдүүлжээ
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс 90 жилийн ойгоо угтаад "Хүүхэд хамгаалах өрөө"-г засварлаж, хүүхдэд ээлтэй орчин болгон тохижуулжээ.
Тус цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах түр байрыг хүүхдийн амрах өрөө шиг тохижуулан, эрэгтэй, эмэгтэйгээр нь тус тусад нь иж бүрэн тохижуулжээ.
Хүүхэд хамгаалах өрөөнд бага насны хүүхдийн нэг удаагийн ариун цэврийн хэрэгсэл, насанд нь тохиросн тоглоом, угааж, ариутгасан нэг удаагийн ор хөнжлийн даавуу, ном, сурах бичиг, цэвэр ус гээд Цагдаагийн байгууллагын түр хамгаалах өрөө гэхээсээ илүүтэй гэртээ хүүхдийн өрөөндөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сэтгэл гарган тохижуулсан байна.
Мөн зуны цагаар цагдаагийн алба хаагчдын хүүхдүүд ээж, аавыгаа ажил тартал нь хүлээнгээ хичээлээ хийх, ном унших, тоглож амрах зэргээр хүүхэд харах үйлчилгээг дотооддоо зохион байгуулдаг аж. Ингэснээр хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зоволгүй алба хаагчид ажлаа тайван хийх боломжтой болсон талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Мөнхбаатар хэлж байв.
Энэ сарын 24-ний өдөр НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн "Хүүхэд хамгаалах өрөө"-тэй танилцан, хүүхдийн эрхийг хангах, хүүхдэд айдасгүй дулаан, ээлтэй орчин бүрдүүлсэн нийт алба хаагчдад талархал илэрхийллээ.
Цагдаагийн байгууллагаас хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдүүлэг авах өрөөний тоог нэмж, стандартад нийцсэн "Хүүхэд хамгаалах өрөө"-г засварлаж, ажилчдадаа зориулсан үсчин, гоо сайхны буланг алба хаагчдынхаа нөөц боломжоор хийж, тохижуулжээ. (Зураг дээрх хүүхдийн зургийг зөвшөөрөлтэй нийтлэв)









