Х.Нямбаатар: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй
Энхтайваны өргөн чөлөөний авто замыг 2007 оноос засаж, шинэчлээгүй. Иймээс энэ онд хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Ингэхдээ полимер битум материалыг ашиглаж буй. Учир нь хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо уулзвар хэсгүүдэд дугуйн мөрний ховил тогтмол үүсдэг.
Хотын дарга Х.Нямбаатар "Энхтайвны өргөн чөлөөний авто замыг бүхэлд нь шинэчлэхдээ полимер битум материалыг ашиглаж байна. Ингэснээр замын 1-р эгнээнд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Тодруулж хэлбэл, гадна 20-30 хэм хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 хэм хүртэл халдаг. Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг.
Харин полимер битум ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй гэдгийг манай замын мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн гол гудамж, замыг засварлахдаа суурь хүчитгэх болон суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар хийж байна." гэв.









