ИРГЭН: Мэргэжлийн бус хүмүүс гал унтраах туршлагагүйн улмаас эрсдэл үүсдэг тул ус зөөж туслах л боломжтой байлаа. Байгальдаа хайртай залууст баярлалаа
Богд ууланд өчигдөр орой 17:56 цагт гарсан түймрийг аврагчид 6 цаг гаруй ажиллаж цурманд орууллаа. Энэ үеэр залуус нэгдэж туслахыг уриалаад байсан юм.
Энэ талаар цахим орчинд анхлан уриалга гаргасан иргэн “Богд ууланд гарсан галыг унтрааж буй Онцгой байдлын залууст дэм болохоор 100 гаруй залуус цуглаж 1тн гаруй усыг галын голомт руу хүргэж зөөлөө. Гал унтрааж буй залуусын үүрч явдаг нөөцийн савыг усаар цэнэглэдэг машины ус яг дууссан үед бид очиж азаар шууд үргэлжлүүлэн цэнэглэх боломжтой болсонд тэнд ажиллаж байгаа залуус талархаж хүлээж авсан.
Мэргэжлийн бус хүмүүс гал унтраах туршлагагүйн улмаас эрсдэл үүсдэг тул бидний хувьд ус зөөж туслах л боломжтой байлаа. Байгальд хор хөнөөлтэй ийм эрсдэлийн үед ирж ус зөөсөн байгальдаа хайртай бүх залууст баярлалаа.
Гал цурамд орсон тул бид тарсан ба одоо Онцгойгийн залуус цурам манаж хонож байгаа.
Зарим хүмүүсийн яриад байгаа шиг Дугуй цагааны орой дээр очиж булгаас ус авч зөөнө гэдэг нь яг бодит байдал дээр боломжгүй асуудал. Бид өмнө нь ч нэг биш удаа Богд уулын галын үед очиж тусалж байсан болохоор ийм үед яах тухайгаа мэдэж байсан учир шууд 5л савтай устай ир гэж зарласан юм аа. Галын байдлаас шалтгаалж усны саваараа галын усны машинаас олон удаагийн давтамжтай ус зөөх, эсвэл хүмүүс гинжин цуваа үүсгэж ус дамжуулж зөөх гэх мэт олон арга хэрэг болдог. Тухайн байдлаас шалтгаалж зохион байгуулалтыг газар дээр нь хийгээд хүмүүсээ хуваарилаад зарим нь зөөж, зарим нь саваа усаар дүүргэж ажилладаг. Үүнд ямар нэгэн байдлаар попрох асуудал огт байхгүй. Харин биднийг ус зөөж байхад янз бүрийн буруу зөв мэдээлэл тарааж, ирж байсан залуусыг өөр тийш нь явуулах зэргээр попорсон хүмүүс байсан бололтой байна.
Уул руу хэт олон хүн гарах нь эрсдэлтэй гэж үзээд сүүлд ирсэн хүмүүсийг буцаасан юм байна.
Биднийг тарахад залуусын авчирсан ус дахиад 1тн орчим тэнд үлдсэн. Ус зөөсөн залуус 4км газарт нэг хүн 10л-20л, зарим нь бүр 40л буюу канистраар ус зөөсөн. Олон сайхан залуус ирээд ганцхан цагийн дотор их хэмжээний усыг дээш нь зөөж байгаа нь бахархмаар байлаа.
Та нарын сайхан сэтгэлд талархъя.
Бид гал унтраах ажлыг хариуцаж байсан Онцгой байдлын хурандаагийн зөвшөөрлөөр усаа зөөснийг хэлэх нь зөв байх” гэлээ.









