НИТХ-ын төлөөлөгчид Эрүүлжүүлэх түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцлаа

2025 оны 4 сарын 25

Arslan.mn 

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо нийслэлийн Цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тус байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцов.

Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, төлөөлөгч Л.Хосбаяр, төлөөлөгч Э.Хулан, төлөөлөгч Ж.Энхжаргалан болон НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа, НЦУГ-ын эрүүлжүүлэх түр хамгаалах төвийн дарга хурандаа Б.Ариунжаргал нар оролцлоо.

НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа “Эрүүлжүүлэх, түр саатуулах байранд хүний эрх зөрчигдөхгүй байх, хууль эрх зүйн талаас хэрхэн сайжруулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон бол НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Л.Хосбаяр “Эрүүлжүүлэх байранд ирж буй архины хамааралтай иргэдийг дахин ирэхгүй байх, ирэх давтамжийг бууруулах талаас ямар арга хэмжээ авч байна. Бид хуучны арга барилаасаа салах хэрэгтэй. Технологийн дэвшлийг ашиглах, инновацийн шинэчлэл хийх талаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Бидний гол зорилго эрүүлжүүлэх байрыг болж өгвөл хүнгүй байлгах” хэмээн тодрууллаа.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх, саатуулах тус байр 1987 онд ашиглалтад орсон бөгөөд архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон зөрчил гаргасан иргэдийг эрүүлжүүлэх, түр саатуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус байранд ирж буй иргэдийн багагүй хувийг орон гэргүй архины хамааралтай иргэд эзэлдэг байна. Өнгөрсөн онд эрүүлжүүлэх, саатуулах байранд 20 мянга гаруй ирсэн бол үүний 14 мянга нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэйчүүд байгаа аж. Дийлэнх нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага эзэлж байна. Тиймээс эрүүлжүүлэх байранд ирсэнд иргэдэд согтууруулах ундааны хор уршгийн талаар мэдээлэл өгөх, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг сургалтад хамруулдаг талаар онцоллоо. Гэвч архины хамааралтай иргэд тус байрны хаалгаар хэд дахин орж ирэх үзэгдэл түгээмэл байгаа аж.

Түүнчлэн ажлын байрны нөхцөл байдлаас шалтгаалан хүний нөөцийн дутагдалтай, барилгын элэгдэлд орсон учраас цахилгаан, дулааны сүлжээ шаардлага хангахгүй зэрэг тулгамдсан асуудал байгаа талаар хэлэв. Харин Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа эрүүлжүүлэх, түр саатуулах байранд ирэх иргэдийн тоог багасгахын тулд шат дараатай арга хэмжээ авч байгаа, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын тулд “Хамтдаа шийдье” аяныг санаачлан 50 гаруй ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг хэллээ.

ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ТУСЛАМЖ АВЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ АРХИНЫ ХАМААРЛААС ҮҮДСЭН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ

Үүний дараа НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо СХД-ийн Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа. Тус байрны тухайд 2023 онд ашиглалтад орсон бөгөөд стандартад нийцсэн жишиг Түр хамгаалах байр юм байна. Тус Түр хамгаалах байранд зохицуулагч, нийгмийн ажилтан, хүүхэд асрагч, эмч, сэтгэл зүйч, тогооч, аж ахуйн ажилтан, жолооч зэрэг нийт 19 албан хаагч хоногийн 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Л.Хосбаяр түр хамгаалах байруудад хамгийн их тулгамддаг асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар дүүргүүдийн Түр хамгаалах байрны зохицуулагч нараас тодрууллаа. СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө дараах мэдээллийг өглөө. Уг Түр хамгаалах байр 2023 оноос хойш нийт 586 хүүхдэд тусламж үзүүлсэн бөгөөд үүний 52% нь эмэгтэй, 48% эрэгтэй хүүхэд бол дийлэнх хувийг 11-15 насны хүүхдүүд эзэлж байна. Гол шалтгаан нь архины хамааралтай эцэг, эх гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл үлдэх тохиолдол эзэлдэг байна. Хэдийгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд эцэг, эхийг нь тогтоогоод өгдөг ч буцаад хүүхдийн нөхцөл байдлыг дордуулж авчрах тохиолдол ч их бий гэв. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ үл хайхарч амь насыг нь эрсдэлтэй, аюултай байдалд оруулах тохиолдол ч их гарах болжээ. Уг шалтгаанаар 570 гаруй хоног түр хамгаалах байранд тусламж авч буй хүүхэд ч байгаа аж. Мөн хэдхэн хоногтой нярай хүүхэд ирэх, тэднийг шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд асрагчийн тоо дутагддаг талаар онцоллоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663055
0 эможи

keyboard_arrow_up