НИТХ-ын хуралдаанд “Миний бэлэг“ морин хуурын сургалтын төвийн сурагчид “Төрийн дуулал“-ыг эгшиглүүлж, хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг өнөөдөр /2025.03.25/ эхэллээ.
Хуралдааныг нээж НИТХ-ын дарга А.Баяр "Монгол үндэсний өв болох морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Миний бэлэг” сургалтын төвийн сурагч хүүхдүүд маань өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус V хуралдаанд морин хуурийн ая эгшгээ өргөх хүсэлт тавьсан билээ. Энэ хүсэлтийг бэлгэшээн, хүндэтгэн хүлээн авч хурлын үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Монголынхоо өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, монгол гэх омогшил, эх оронч сэтгэлгээг бэхжүүлэхэд НИТХ үргэлж нээлттэй ажиллах болно оо. Сургалтын төвийн хуурч хүүхдүүддээ болон МУ-ын СТА Номуундэлгэр багшдаа нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сурлага, ажил хөдөлмөр, ажлын өндөр амжилтыг хүсье." гэв.









