Х.Нямбаатар: Надад битүүмжлүүлэх 1 тэрбум төгрөг байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024.11.15-нд хотын сертэй дугаар олголтын талаар "Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй" хэмээн НИТХ-ын хуралдааны үеэр мэдэгдсэн. Энэхүү үгтэй холбоотойгоор "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас шүүхэд гомдол гаргаж, НЭГ ТЭРБУМ төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох нэг тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан юм.
Тэгвэл энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Эко автомашин машин импортлогчдын холбооныхон бидний нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан байна лээ. Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байна. Захирамжтай холбогдуулаад, шүүхийн урьдаас гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгөтэй битүүмжлэх захирамж гаргасан байна. Надад нэг тэрбум төгрөг байхгүй. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө ч байхгүй. Би шүүгчийн гаргасан шийдвэрт гомдол гаргасан. Маргааш 14.00 цагаас гомдол хэлэлцэнэ.
Би хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй. Яагаад гэвэл Улаанбаатар хотын замын нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Жилд 130-140 мянган автомашин импортоор орж ирж байна. Жилд 80 мянган машин зорчих ёстой зам дээр 10 дахин их машин зорчиж байна гэсэн үг. Машин импортолж байгаа хүмүүс хэд хэдэн зөрчил гаргадаг. Тухайлбал, татвар төлдөггүй. Монгол Улсын чанар стандарт хангахгүй тээврийн хэрэгсэл оруулж ирдэг. Мөн хайбрид машины хувьд нүүрсэн яндангүй байдаг." гэв.









