“WBA” холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025“ тэмцээн энэ сарын 15-нд болно
Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн тулалдаж байгаа МУГТ Эрдэнэбатын Цэндбаатарын WBA холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions, Ulaanbaatar-2025" тэмцээн 2025.02.15-нд ASA Arena-д болно.
Тус тэмцээн нь Монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүсний төлөө тулалдах гэж байгаагаараа онцлогтой. Тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Бернал Родригес нь мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай явж байна. Мөн 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. 26 настай Мексик боксчны хувьд WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга юм.
Тэмцээний хүлээлтийг бүр ч нэмэгдүүлж буй нэг үйл явдал нь энэ удаагийн тэмцээнд Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт тулалдаx юм. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийж 12 ялж, 2 ялагдаж, 1 тэнцээд байгаа билээ. Мөн тэмцээний урьдчилсан тулаанд Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг 6 боксчин тулалдана. Тэдний өрсөлдөгчдөөр Мексик, ОXУ, Филиппин, Энэтхэг, Узбекистан, Киргиз гэсэн 6 орны 8 чансаа өндөр тамирчид байх юм.
Тэмцээний оноолтыг танилцуулья:
- Э.Цэндбаатар MGL vs Педро Бернал MEX
- Н.Төгсцогт MGL vs Марк Антони PHI
- Б. Төгөлдөр MGL vs Рахматиллоён Шарифов UZB
- Б. Мишээлт MGL vs Сунил Кумар IND
- О.Бямба-Эрдэнэ MGL vs Руслан Кириченко RUS
- X.Бекнур MGL vs Токтосун Уулу Бекболсун KGZ
- Э.Баярсайхан MGL vs Ибрахим Абдуллаев UZB
- X.Энх-Амар MGL vs Майкл Эскобиа PHI









