Хуучин гараашнуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гараашнуудыг буулгаж нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж байна.
Тус ажлын хүрээнд Баянгол дүүргийн 4, 12, 13, 18 дугаар хороодын 4 байршилд нийтийн эзэмшлийн талбайд байсан хуучин гараашнуудыг бүрэн чөлөөлж, тус газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажил дуусаж улсын комисс хүлээн авлаа.
Бүтээн байгуулалтын талбайд авто машины зогсоол, пандус, явган зам, дугуйн зам, спорт талбай, тоглоомын талбай, тайз, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж, сандал сүүдрэвч, хогийн сав байршуулж тохижилтын ажлыг тус тус гүйцэтгээд байна.
Тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Люксдаймонд ХХК, Ай Вай И Зэт групп ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.









