Налайх дүүрэгт менингококкийн халдварын НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгджээ
Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралджээ.
Тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байна. Дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийгдэж байна.
Голомт сургуулийн Бага сургууль, болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг маргаашаас эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж байна.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу.
Менингококк халдварын хэлбэрүүд
1. Менингит – Тархи, нугасны бүрхүүл үрэвсэж, толгой өвдөх, хүзүү хөших, таталт өгөх шинж илэрнэ.
2. Менингококкемия (цусны хордлого) – Бактери цусаар дамжин олон эрхтэнд тархаж, шок, судасны гэмтэл үүсгэж, үхэлд хүргэж болзошгүй.
Шинж тэмдгүүд
• Гэнэт өндөр халуурах (38°C-ээс дээш)
• Толгой хүчтэй өвдөх
• Бөөлжих, дотор муухайрах
• Хүзүү хөших (нумрах)
• Арьсан дээр улаан, ягаан өнгийн тууралт гарах (хүндэрсэн үед)
• Ухаан баларталт, таталт өгөх
Халдвар дамжих зам
• Агаар дуслын зам (найтаах, ханиах, ойр дотно харилцаа)
• Халдвартай хүний шүлс, хамрын шүүрэлээр дамжих
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• Антибиотик (эмчийн заавраар) – Эрт эмчилбэл эдгэрэх боломжтой
• Вакцин – Менингококкын эсрэг вакцин хийлгэх (Зарим улсад заавал хийдэг)
• Халдвартай хүнтэй ойр байхаас зайлсхийх
Менингококк халдвар нь маш хурдан хүндэрч, нас баралт өндөртэй өвчин тул халууралт, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.