Сар шинийн баяраар ₮1.3 их наядыг урагш урсгахгүйн тулд “Амар байна уу“ үзэсгэлэн нээнэ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэлжээ. Үзэсгэлэн худалдаа 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм.
"Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Сар шинийн баярт зориулан гарын бэлэг болон бусад зүйлсийг авахаар иргэд БНХАУ руу олноор зорчдог. Нийт 1.3 их наяд төгрөг урагш валют болж гардаг тухай тооцоолол бий. Эдгээр шалтгааны улмаас “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж, дотоодын бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг иргэдэд олгохыг зорьж буй.
Энэ жил ч мөн “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Энэ жилийн онцлог нь хотын А бүсэд болно. Талбайн түрээс урьдынхаараа үнэ, төлбөргүй хэвээр. Талбай үнэ төлбөргүй учраас борлуулж буй бүтээгдэхүүний үнэ хямд байх шаардлага тавьдаг.
“Амар байна уу 2025” үзэсгэлэнд 1000 орчим үндэсний үйлдвэрлэгч 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулна.” гэв.
Энэ жилийн "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа "Их наяд плаза"-ын 6 давхарт болох юм байна.