ТОДРУУЛГА: Трамвайн шугам хийхдээ Энхтайваны гүүрний явган хүний замыг хаахгүй
Хотын дарга Х.Нямбаатар энэ жил трамвайны шугамыг барьж эхлэхээр шийдсэн талаар мэдээлэл өгөх үеэр " Трамвайны шугамын ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сарын 1-нд дуусгана. ТЭЗҮ-ийг хийж дуусгасны дараа олон улсын нээлттэй тендер зарлана. Нийслэл өөрийн санхүүгийн ачаалалд тохируулж, Степпе Арена /Мөсөн өргөө/-Сүхбаатарын талбай чиглэлд трамвай явуулна. Энхтайвны гүүрэн дээгүүр трамвай явуулахын тулд явган хүний замгүй болгож, гүүрний хоёр талаар металл хийцтэй зам тавих, даацыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажил энэ жил хоёр байршилд хийгдэхээр болсон" гэж мэдээлэл хийж байсан.
Тэгвэл Энхтайваны гүүрний явган хүний замгүй болох талаар нийслэлийн холбогдох албанаас тодруулахад “Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна. Энхтайваны гүүрээр дамжин явах учир тус гүүрийг хүчитгэнэ. 60 гаруй жилийн өмнө ашиглалтад оруулсан тус гүүрийг хүчитгэх зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Харин тус гүүрний явган хүний замыг хаахгүй” гэв.
Ташрамд, трамбайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Трамбай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй учраас олон улсад ашиглалт ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл болжээ.