Х.Нямбаатар: Гар дээрх худалдаа, ТҮЦ-үүдийг газар доогуурх МЕТРОНЫ БУУДАЛД байршуулна
Метро төслийн явцын талаар хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр "Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана.
ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна.
Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ.
Гар дээрх худалдаа, ТҮЦ-үүдийг газар доогуурх МЕТРОНЫ БУУДАЛД байршуулахаар төлөвлөж байна.
Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна.
Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана.
Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан." гэв.