Орон сууцны гадна талбайд их хэмжээний шахмал түлш шатаажээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд их хэмжээний шахмал түлш шатаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр /2024.12.16/ орой 23:30 цагийн орчимд орон сууцны хорооллын гаднах 100 орчим метрийн талбайд газар гэсгээх зорилгоор шахмал түлш шатаасан байжээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 13 аймгийн 21 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.









