Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд далан, шуудуу цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ
Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.03.06) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаа.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 9 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 93 хувийн хэрэгжилттэй байна. Тодруулбал, таван үүрэг даалгавар 100, гурван үүрэг даалгавар 90, нэг үүрэг даалгавар 70 хэрэгжилттэй байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 760 метр хайс, хашлага байршууллаа
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс дүүргийн хэмжээнд тэмдэг, тэмдэглэгээ, хашлага шинэчлэх, шинээр тавих шаардлагатай тоо, хэмжээ байршлын судалгааг гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн нутаг дэвсгэрт нийт 760 метр хайс, хашлага байршуулсан байна. Тодруулбал, 17-р хороо, Энэбишийн өргөн чөлөө дагуу 30, 28-р сургууль, Хасбаатарын гудамж дагуу 450, Дилав хутагт Жамсранжавын гудамж Эрүүл мэндийн төвийн орчим 280 метр хайс хашлага байршууллаа.
20, 29-р хороонд байрлах ТҮЦ-үүдийг эхний ээлжид нүүлгэнэ
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр 1-34 хороонд байрлах Түргэн үйлчилгээний цэг(ТҮЦ)-үүдийн судалгааг гаргах, нүүлгэн шижлүүлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд өгсөн. Тэгвэл дүүргийн нутаг дэвсгэрт нийт 176 ТҮЦ байна гэсэн судалгаа гарсан бөгөөд холбогдох хэлтсүүд хамтран эхний ээлжид 20, 29-р хорооны нутаг дэвсгэр буюу Энэбишийн өргөн чөлөө дагуу байрлах 60 ТҮЦ-ийг нүүлгэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.