Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо
Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр (2024.05.17) боллоо. Зөвлөлийн хуралд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын дарга нар оролцож ЗДТГ-ын бүтэц, дотоод журмын төсөл болон дүүргийн Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудад хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүн зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал, Зөвлөлийн хурлын үеэр дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан гурван ажлын хэсэг байгуулагдаж, дүүргийн томоохон гудамж талбайд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тухайлбал, дээрх ажлын хэсэг,
- Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөө,
- Хасбаатарын гудамж,
- Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний замын эвдрэл, хаяг, хаягийн байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайд ил гарсан цахилгааны утас зэргийг шалгасан байна. Шалгалтын үеэр явган хүний зам дээр байрлуулсан бетонон хог хаягдал, шон, цахилгааны утас зэргийг цэгцлэх ажлыг шуурхай зохион байгуулсан бол явган замыг засварлах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах шаардлагатай гэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ Засаг даргын зөвлөлийн гишүүдэд энэ онд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийж буй явган хүний замын засвар шинэчлэлийн ажлын талаар мэдээллийг өглөө.