Богд ууланд төөрсөн 62 настай иргэнийг 2 өдөр хайсны эцэст эсэн мэнд олжээ
Хан-Уул дүүрэг 11-р хороо, Богд уулын Кувейтын аманд амарч зугаалж, эмийн ургамал түүж байсан 62 настай эрэгтэй алга болсон гэсэн дуудлага энэ сарын 21-ний 23:46 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид 22-ны өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлж, эрлийн ажиллагаанд Аврах ангийн 8 алба хаагч, эрэлч нохой, ХУДОБХ-ийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, ХУД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 5 алба хаагч, ар гэрийн бүрэлдэхүүнтэйгээр 12 га талбайд 34 км замыг туулан эрэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул шөнийн 00:30 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Харин өчигдөр буюу энэ сарын 23-ны 07:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж, Богд уулын Манзуширын хийд, Өвгөний ам, Макын ам, Хүрхрээ, Хүрэл тогоо, Жаргалантын ам, Нүхтийн амуудаар 46 га талбай, 81 км замыг туулан эрэн хайж, 16:00 цагийн орчимд Улаан хавцал гэх газраас алга болсон 62 настай эрэгтэйг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.









