Ө.СУМЪЯАБААТАР: Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай
Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.06.18) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 11 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.9 хувь байна. Тухайлбал, дүүргийн Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын санал асуулгыг 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал иргэдээс цаасан хэлбэрээр авахыг үүрэг болгосон. Дээрх хугацаанд 2874 иргэн санал асуулгад хамрагдсан байна.
Мөн тендер сонгон шалгаруулах ажиллагаанд удаа дараа оролцогчгүй цуцлагдаж байгаа ажлуудад анхаарч, гүйцэтгэгч байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, оролцогчгүй ажлуудад холбогдох чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад урилга хүргүүлэхийг үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд
- Гэрээ байгуулан ажлаа эхлэхээр төлөвлөсөн гүйцэтгэгч байгууллагуудтай тухай бүр уулзан ажлаа эрчимжүүлэн дуусгах талаар бүх шатны хуваарийн дагуу чиглэл өгсөн.
- Тендер зарлагдсан оролцогчгүй болсон ажлуудад гүйцэтгэгч байгууллагад урилга хүргүүлэн худалдан авах ажиллагааг дахин зарласан гэсэн мэдээллийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр өглөө.
ДЭЭВЭР ЗАСВАРЫН АЖИЛ 40 ХУВТАЙ БАЙНА
Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг өгсөн. Энэ онд дүүрэгт нийт 28 байршилд зам засвар шинэчлэлийн ажил хийхээс өнөөдрийн байдлаар Энэбишийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамжны авто замын засварын ажил эхэлсэн. Дүүргийн хэмжээнд нийт 21 байршилд авто зогсоол хийхээр төлөвлөснөөс 3 байршилд энэ ажил эхэлсэн. Мөн 53 байршилд явган хүний зам, шат хийхээс 14 байршилд энэ ажил дууссан. Нийт 49 байрны дээвэр засахаас 40 хувь нь хийгдсэн. 41 байрны цахилгаан шат зсварлахаас 8-ыг нь засаж гурван байрны цахилгаан шатыг шинэчлэх ажил эхэлсэн. 76 байршилд тохижилт, тоглоомын талбай хийхээс 7 байршилд энэ ажил дууссан. Гэрэлтүүлэг, камер, фасад гээд бусад ажлууд хугацаандаа хийгдэнэ гэсэн юм.
36 БАЙРШИЛД 716 ГАРААШ ЧӨЛӨӨЛЖ 12888 М2 ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийт 36 байршилд 716 гарааш буулгаж, 12888 м2 талбайг чөлөөлсөн бол 30 байршилд 14580 метр хашааг буулган газар ашиглалтыг сайжрууллаа.
Мөн 7 байршилд 62 ТҮЦ чөлөөлсөн бол 3 байршилд 5 өргөтгөлийг албадан буулгаж, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зорчигчийн зам талбайг нэмэгдүүлсэн гэсэн юм.