Х.Нямбаатар: ТЭСО группын барилгын ажлыг улсын байцаагчийн акт үйлдэж, зогсоож байна
"Хүннү 2222" хороолол орчимд Орчлон сургуулийн зүүн талд барилга барьж буй ААН-үүд борооны ус зайлуулах шугам хоолойг тасалж, хөрсний усаа авто зам руу хаяж байсан зөрчлийг арилгуулж байна. Цаашид барилга барьж буй ААН-үүд хөрсний усаа хэрхэн гаргаж байгаад холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр газар дээр нь ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Борооны ус зайлуулах шугам руу энэ хавийн бүх барилгын компаниуд усаа хийснээр "Хүннү 2222" хорооллын хойд талд ус тунах гол эх үүсвэр болж байгаа юм. Мөн ТЭСО группийн барьж буй барилгын төслийн компани ус зайлуулах шугамыг тасдаад, өөрсдийн хөрсний ус зайлуулах шугамаа холбочихсон байна. Шугам хоолой ачааллаа дийлэхгүй нийтийн эзэмшлийн зам, явган хүний зам руу ус нь хальж гараад байна.
Тэгэхээр өнөөдрөөс ТЭСО группын энэ барилгын төслийн ажлыг улсын байцаагчийн акт үйлдэж, өнөөдрөөс зогсоолгож байна.
Мөн өмнө нь төлбөр төлж, ус зайлуулах шугам руу хөрсний усаа зайлуулах ёстой байсны төлбөр, торгуулиудыг тавихыг нийслэлийн Стандартын газрын даргад үүрэг болгож байна гэв.