Нийслэлд 36 сургууль гурван ээлжээр хичээллнэ
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо энэ хичээлийн жилд 40 мянга орчмоор өсөх урьдчилсан тооцоолол гарчээ.
Тэгвэл Нийслэлийн боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд Улаанбаатарт 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн байна.
Өнгөрсөн хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байр ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөжээ.
Баянзүрхэд 11, Хан-Уулд ес, Сонгинохайрханд тав, Баянголд дөрөв, орон нутагт 40-өөс дээш сурагчийн дүүргэлттэй долоон сургууль байгаа аж. Орон нутагт Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх хандлагатай гэх тооцоо гарчээ.