Тамхины иш ч сорж дийлдэггүй төхөөрөмжтэй ТҮК-ийнхэн хүрз, шүүр хоёроос салахгүй нь
Тожилт үйлчилгээний компанийн ажилтнуудын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх, улмаар хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард Хотын дарга Х.Нямбаатар амлалт өгсөн. Энэ хүрээнд 2024 оны тавдугаар сард чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоо ТҮК-ийн ажилтнуудад албаныхан хүлээлгэж өгсөн юм.
Тус шинэ төхөөрөмж нь 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулагч савтай, 7 км цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр 6-8 цаг ажиллах хүчин чадалтай, орчныг тоос босгохгүйгээр цэвэрлэдэг гэцгээж байв.
Тухайн үед ТҮК-ийнхний зүгээс “Юу ч гэсэн тоос сорогчоор нь хогоо цэвэрлээд үзье. Ер нь бол санаанд буухгүй л байна” гэцгээж байсан үе саяхан. Нөгөө талаас олон нийтийн зүгээс техник хэрэгслийг нь солих нэрийн дор шахаа хийж, мөнгө тоншчих вий гэх хардлагыг ч гарсан.
Тэгвэл НЗДТГ-аас хэдхэн сарын өмнө дэрсэн шүүрийг халж, шороо сордог төхөөрөмжтэй болсон тухайгаа мэдэгдсэн ч дүүргийн удирдлагуудын хариуцаж буй хот тохижилтын ажилд дэрсэн шүүр хэрэглэсээр байгаа нь олны бухимдлыг төрүүлээд байгаа юм.
Тэгвэл өчигдөр хэрэглээнд гаргаад хэдэн сар ч болоогүй гудамжны тоос сорогч нь хотын шороог бүрэн сорих нь бүү хэл, тамхины иш, жижиг чулууг ч сорж чадахгүй байгааг Хотын дарга нүдээр харж, жижиг чулуу сорж чадахгүй гэж өөрөө хэлж байна лээ.
Гэтэл ийм төхөөрөмжөөс дахиад татвар төлөгчийн мөнгөөр 40 ширхэг ирж байна гэнэ.
Ямартай ч тамхины иш ч сорж дийлдэггүй төхөөрөмжтэй ТҮК-ийнхэн хүрз, шүүр хоёроос нь салахгүй нь тодорхой боллоо.