22-ын товчооны авто замыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна
Өнөөдрийн байдлаар ХУД-ийн гурван байршилд нийт 4,2 км авто замыг шинэчиллээ. Тодруулбал, “Буган халиун” зочид буудлаас зайсангийн уулзвар хүртэл, Зайсангийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл, мөн УБЦТС-ын баруун талын авто замуудыг тус тус шинэчилээд байгаа юм.
Эдгээр авто замыг шинэчлэхдээ ус зайлуулах шугам хоолойг шийдсэн гэдгийг НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис хэлж байв.
Мөн СХД-ийн Моносын уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэл нийт 9.3 км авто замыг шинэчилж буй. Сонгинохайрхан дүүргийн урсгал засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн.
Эхний байршил нь Цэргийн хотхоноос хойшоо Тахилтын уулзвар хүртэлх 2.3 км авто замыг шинэчилж ашиглалтад оруулсан бол 22-ын товчооны 9.3 км авто замын ажил 70 хувьтай үргэлжилж байна.
НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис “Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор тухайн замд суурь хучилт хийж зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд чулуун хашлага суурилуулах ажил мөн 70 хувьтай үргэлжилж байна. Ирэх долоо хоногоос замын эхний хэсэгт өнгө хучилтын ажил хийж эхлэх юм. Иймээс есдүгээр сарын 1-н гэхэд 22-ын товчооны авто зам шинэчилж дуусгана” гэв.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ