Ц.Төрхүү: Өвлийн турш хүлэмжинд ургуулсан цэцгүүдээ гаргаж ирээд, хотоо гоё болгох гэхээр хулгайлчих юм
Төв талбайн орчимд суулгасан цэцэг хулгайд алдагдаж байгаа талаар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өөрийн цахим хуудсаар мэдээлжээ.
Тэрбээр "Өвлийн турш хүлэмжид ургуулсан цэцгүүдээ гаргаж ирж тарьж хотоо гоё болгох гэхлээр хулгайлаад явчих юм аа. Өдөр нь тарина, шөнө нь байхгүй. Яах вэ? Талбайд ялангуяа үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна. Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юм аа. Энэ хот бидний л гэр. Хотоо хамтдаа арчлаад гоё болгоод авчихвал сайхан шүү дээ. Та бүхэн ч гэсэн шөнөдөө гудамжнаас цэцэг хулгайлж хумсалж байгаа хүн таарвал шаардлага тавиарай гэж хүсэх байна. Хотдоо эзний сэтгэлээр хандацгаая" хэмээн бичжээ.