Бямба гарагийн 06:00-18:00 цагт зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

2024 оны 5 сарын 22

Arslan.mn

Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон”-ы зохион байгуулалтын мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаа 34 орны 20,451 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ. Мөн энэ үеэр зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км (18-аас дээш нас, тусгай хэрэгцээт иргэдийн), хагас марафон буюу 21 км (18-34, тусгай хэрэгцээт иргэдийн, 35-54, 55-aac дээш нас), 10 км, 5 км (12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт), 1,5 км (хараагүй, тэргэнцэртэй тусгай хэрэгцээт иргэдийн, гэр бүл), 0.8 км, 0.5 км (тусгай олимпын төрлийн) гэсэн зай, төрлөөр зохион байгуулна. “Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг хоёр сар гаруйн хугацаанд хийлээ. Иргэд санал тавьсны дагуу тав км-ийн бүртгэлийг гурван хоногийн хугацаатай сунгаж, тавдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас хаах юм” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657110
0 эможи

keyboard_arrow_up