Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг ХУРААЖ, дуудлага худалдаагаар зарна
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар СБД-ийн 6-р хорооны нутагт байрлах Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар ажиллаж байна.
Энэ үеэр Х.Нямбаатар "Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг хурааж, дуудлага худалдаагаар зарна. Энэ сарын 15-ны дотор газраа чөлөөлөх үүргийг өгсөн. Ж.Хатанбаатар эмч Ерөнхийлөгчид хандаж, өмчлөх эрхэнд халдлаа гэж захидал бичсэн байна лээ.
Эмийн үйлдвэрийн газрын барилгажих боломжтой 3,150 ам метр газрыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд дөрөвдүгээр сарын 15-н гэхэд уг барилга, хашааг чөлөөлсөн байх шаардлага хүргүүлнэ. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй тохиолдлуудын нэг. Үүнийг нийслэлээс дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй" гэв.
Тус барилга нь “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах бөгөөд Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун талаар нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг 3 дугаар сургуультай холбосон авто замын трасс байгаа юм.
Үүнтэй холбогдуулан өмнө Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Хатанбаатар гэх эмч нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байна. Энэ шударга ёс уу.
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элэг судлалын төв гэх эмнэлгийг яаралтай чөлөөлөх ажлын бичгийг нийслэлийн прокурорын газарт өг.
Үүнийг чөлөөлж хамгийн түрүүнд хүүхдийн эмнэлэг болгож, шинээр засаж тохижуулах хэрэгтэй. Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсан гээд зөндөө объект байсан. Үүнийг яаралтай дуудлага худалдаагаар худалдаад, компаниудад санал болгоно. Шуудан гэх компанид бид найр тавихгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон. Бүх өмч нь нийслэлийнх. Дэлхийд байхгүй түрээсээр нийслэлийн өмчийг ашигладаг. Нэг бол зах зээлийн жамаар түрээсээ төл. Төрийн ордны хойд талын арктай байранд Шуудан компани манай объектыг эзэмшиж байгаа" хэмээн ярьж байсан.