Нийслэлийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв. Тухайлбал дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрсэн байна.
Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс