Х.Нямбаатар: Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан баруун, хойд, хангайн, зүүн, говийн, төвийн бүсэд “Бүсчилсэн хөгжлийн форум”-ыг амжилттай зохион байгуулсан. Ийнхүү хамгийн сүүлийн бүс болох хот орчмын бүсийн хөгжлийн асуудлаар “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулахаар ажиллаж байна. Зөвхөн Улаанбаатар хотыг бус хотын ойр ормын бүс нутгуудтай хэрхэн холбогдож, хөгжих боломжтой вэ гэдгийг хэлэлцэх юм. Харин өнөөдөр түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтийн асуудлыг хэрхэн шийдэж болох вэ гэдгийг хороо, дүүргийн түвшнээс эхлэн хэлэлцэнэ. Өмнө нь хүн амын тоо өсөх тусам хорооны тоог нэмдэг байсан. Гэвч хорооны тоог нэмлээ гээд асуудал шийдэгдэхгүй байна. Тиймээс бүсчилсэн байдлаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл хийж, хотыг 42 хэсэгт хуваан, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаар хотод тулгамдаад буй олон асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа” гэв.
Хан-Уул дүүргийн хүн ам 2020 онд 187 мянга байсан бол өдгөө 283 мянгад хүрээд байна. Дөрвөн жилийн дотор хүн амын тоо нь эрчимтэй өсөж байгаа тус дүүрэгт Яармаг төвийг байгуулах тухай хэлэлцлээ. Яармаг төвд Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны 30,754 хүн оршин сууж байна. Гэвч хороо, ӨЭМТ, цагдаагийн хэлтсийн 132 төрийн албан хаагч тус дүүргийн 30 мянга гаруй хүнд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Уулзалтад оролцсон Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын зүгээс анхан шатны нэгж буюу хорооны Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг шууд, шуурхай хүргэх боломжийг олгох, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг тооцоо, судалгаанд үндэслэн шинэчилж, бүсчилсэн хөгжлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй хэмээх саналыг илэрхийлж байлаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Алимаа “Манай хороо 12 мянга гаруй хүн амтай, 4552 га газар нутагтай маш том хороо. Тиймээс 8 дугаар хороог хуваан, 7 дугаар хороонд хуваарилах асуудлаар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хорооныхоо 600 гаруй айл өрхийн 1800 орчим иргэнтэй уулзсан. Иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засаг захиргааны шинэчлэлийг хийх хэрэгтэйг хэлж байсан. Хорооны Засаг даргын хувьд иргэдийн гаргасан өргөдөл, саналыг дээд шатны байгууллагад уламжлах, оршин суугаа газрын тодорхойлолт гаргахаас хэтрэхгүй эрх мэдэлтэй. Үүнээс өөр эрх мэдэлгүй болохоор одоо хороонд өргөдөл гаргадаг иргэн байхаа больсон. Тиймээс анхан шатны нэгждээ тодорхой эрх мэдэл өгч байж иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай хүрнэ” гэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой. Учир нь нийслэлийн засаг захиргааны байгууллагаас эхлээд зарим төрийн байгууллагууд уг бүсэд нүүж ирээд байгаа. Мөн томоохон худалдааны төвүүд төвлөрч байна. Гагцхүү боловсролын үйлчилгээг зөв хуваарилан, багш ажилчдын мэдлэг боловсролыг сайжруулах хэрэгтэй. Боловсролын чанараас шалтгаалж эцэг эхчүүд хүүхдээ хотын төвийн сургууль руу зөөх хандлагатай байдаг. Тиймээс нэн тэргүүнд боловсролын чанар, хүртээмжид анхаарах хэрэгтэй” хэмээв.
Ташрамд, энэ онд Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх, улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх, Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцолж байлаа.