О.Номинчимэг: Төв цэнгэлдэх тойроод “Шунал“ гэдэг хороолол босож байна
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өгч байна.
Төв цэнгэлдэхийн баруун талд "Мөнхсан" гээд барилгын компани байшин барих гэж байна. Энэ "Мөнхсан" гэдэг компани нь Цэнгэлдэх хүрээлэнгийг газрын 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваа гэдэг хүний хүү Н.Булганбаатарынх юм байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг " Анх 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг өмч хувьчлалаар ягаан тасалбараар хувьчилсан. Тэр үед 30 хувь нь хувийн эзэмшилд очиж, 70 хувь нь нийслэлийн өмчид үлдсэн. Дараагаар нь 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30 хувиа 49 болгож, нийслэл 51 хувийг өмчилсөн. Гэхдээ маш үл ойлгогдох байдлаар 400 мянган төгрөгийн асуудлаас болж зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр 49 хувиа 51 хувь болгож өмчилсөн. Ерөөсөө НИТХ-аар шийдвэр гаргаагүй. Бидний хувьд наадмын талбайгүй болж, битүү барилга баригдаад байна.
Нийслэл 2005 оноос давамгайлсан бус 49 хувийн өмчлөгч болж, "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-д 38 га газартай болсон. Өнгөрсөн 2005 оноос хойш газар нь 29 салж, 12.6 га үлдсэн. Мэдээж газрыг нь зарж идсэн гэсэн үг. Жил бүр нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнд урсгал засварыг хийдэг. Нийтдээ 2008 оноос урсгал засварт 4.6 тэрбум төгрөгийг зассан. Энэ нь хувь эзэмшилд нэмэгдэж, олигтой ногдол ашиг өгдөггүй. Энэ бол цэвэр шуналын асуудал.
Цэнгэлдэхийн баруун талд "Мөнх сан" ХХК-ийн эзэмшил барилга барьж байна. Энэ бол иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн компани. Өөрсдөдөө газраа хувьчилж авч, өндөр барилга барьж байна. Энэ газар дээрээ анх орон сууцны зориулалттай барилга барина гэчихээд үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж байна.
Энийг миний хувьд "шунал" хороолол гэж нэрлэмээр байна." гэв.