Сэлбэ голын даланг цэвэрлэж, усыг чөлөөтэй урсгахын тулд мод тайрчээ
Олон нийтийн цахим сүлжээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай, S`Оutlet төвийн орчимд Сэлбэ голын дагуу мод тайрч байна гэх мэдээлэл өгсөн байна.
Энэ талаар Нийслэлийн ерөнхий менежер Ц.Төрхүү "Дөрөвдүгээр сард нийслэлийн хэд хэдэн байршилд шар усны үер болох эрсдэл байгааг Онцгой байдлын байгууллагаас бидэнд анхааруулсан. Иймд Сэлбэ голын мөсийг зөөж, голын даланг нээх, сувагчлалыг нээх ажлыг эхлүүлсэн.
S Outlet дэлгүүрийн таван давхар барилгыг дөрөвдүгээр сард нурааж эхэлнэ. Барилгын дулаан, цахилгааны хангамжийг тасалсан. Хавар болж, мөс хайлан, их хэмжээний ус орж ирэхэд ус чөлөөтэй урсах ёстой. Иймд далан доторх шороо, бургасыг цэвэрлэж байна. Та бүхэн Туул голын даланг мэднэ. Голын далан дотор мод, бургас байж болохгүй. Эхлээд шороо асгаад дээрээс нь бетон цутгаж, барилга барьдаг жишиг тогтчихлоо." гэв.