ШИЙДВЭР: 1,000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суухаар болов

2024 оны 2 сарын 09

Arslan.mn

НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийтийн тээврийн шинэчлэл бол урт хугацаанд хийх ажил. Зөвхөн автобус авснаар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Бид шинэ автобуснуудыг хувийн хэвшилд түрээсээр олгосноор жилд 100 автобус авах мөнгийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж чадна. Автобусны хүрэлцээнээс гадна жолоочийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх тогтолцоо руу шилжинэ” хэмээлээ.

Нийтийн тээврийн сангийн үйл ажиллагааг тогтворжуулснаар энэ онд 28.2 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлэхээр тооцжээ. Жилд 20 тэрбум гаруй төгрөг энэ санд төвлөрч, тус мөнгийг цаашид шинээр автобус авахдаа зарцуулна. Мөн энэ хүрээнд шинээр авсан 600 автобусны 300 гаруйг нь хувийн хэвшилд түрээсээр ашиглуулахаар гэрээ хэлэлцээр хийж байна.

Одоогийн байдлаар 115 автобусыг хувийн хэвшилд шилжүүлсэн. Аж ахуйн нэгжүүд долоон жилийн хугацаанд автобусны төлбөрийг бүрэн барагдуулах юм. Түүнчлэн 2009 оноос хойш худалдаж авсан автобуснуудын эргэн төлөлтийг аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож байгааг хэлж байлаа.

Түгжрэлийг бууруулах нэг алхам бол нийтийн тээвэр болон багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг дэмжих явдал юм. Энэ хүрээнд ажилчид болон сургуулийн автобусыг дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг бууруулахаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүллээ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд найм болон түүнээс дээш хүн зорчих боломжтой тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа.

Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ.

Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1,000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг.

Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1,000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг.  

2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн  нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654626
2 эможи

Шүр
2024-02-13 08:53
Зөв зөв
keyboard_arrow_up