“Автобусны жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, жолоочоор ажиллах сонирхолтой иргэдийг үнэгүй сургаж авна“
Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Үүнтэй холбоотойгоор, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр болсон.
Мөн нийслэлийн автобус компанид ажиллаад тэтгэвэрт гарсан бол 24 сарын цалингийн урамшуулал олгохоор болжээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар " Гуравдугаар сарын 15-н гэхэд автобусны гаралтын тоог 1200-д хүргэж, автобусны тоог нэмнэ. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан бол энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг цуглаад байна. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна.” гэв.