Х.НЯМБААТАР: Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд шамбаарсан барилгууд буюу бетонон ширэнгэтэй болсон
Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээллээ. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж танилцаж байгаа аж.
Хотын дарга Х.Нямбаатар "Баянзүрх дүүрэгт 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын жишиг зургаар 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй.
Олимп хотхонд баригдаж буй сургуулийн барилгыг гацаасан ААН-д арга хэмжээ авахыг нийслэлийн Барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож байна. Техникийн нөхцөлийг шийдэж өгөхгүй бол тухайн ААН-ийн бүх газрын зөвшөөрлийг цуцална.
Олон барилга барьж, ашиг орлого олсон ААН-үүдийн барилгыг худалдаж авсан иргэдэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх гэж байна.
Кристал таун хотхоноос урагш Цэцэрлэгт хүрээлэн хүртэл нэвт гарцууд гаргана.
Тендерийг Баянзүрх дүүрэг зохион байгуулж, хөрөнгийг нийслэл шийдэж өгнө.
Тус дүүргийн 26, 36 дугаар хороонд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийг дуусгах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна. 157 дугаар сургуулийн барилгыг дуусгах хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40,000 иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга. Түгжрэлийн гол шалтгаан нь хүүхдээ зөөх, дэлгүүр хоршоо орох, ажилдаа явах зэргээс болж байна. Сүмбэр орд компанийн эзэмшиж буй газраас 4,002 м.кв газрыг авч, сургууль цэцэрлэг барьж байгааг хэлье.
Олимп хотхоны урд талын Сэнчири ланд компанийн газраас 5,000 м.кв газар авч, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байна. Одоо тус компанийнхантай очиж, уулзана.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдэх үедээ танилцуулна" гэв.
ААН-үүд газраа чөлөөлөх зөвшилцөлд хүрэхгүй бол сонсгол явуулах юм байна.
"Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд шамбаарсан барилгууд буюу бетонон ширэнгэтэй болсон" гэв.