Сүрэглэн алхах УЛААНБААТАРЧУУД...
Өвлийн хүйтэнд ард иргэдээрээ нааддаг удирдагч аль ч хотод байдаггүй л байлгүй дээ. Тэгэхдээ Монголд бол байна.
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн дийлэнх иргэдийн хөл залгуулдаг унаа болох нийтийн тээврийн чиглэлийг гэнэт өөрчилж, өвлийн хүйтэнд олон иргэдийг зутрааж байгаадаа санаа зовохгүйгээр барахгүй өөрийнхөөрөө зүтгэж сууна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа, "Хотын хамгийн захын цэгээс нөгөө талын захын цэг хүртэл төв замаараа дайрч явдаг сүлжээ төлөвлөлттэй "нийслэл хот" манайхаас өөр улсад байхгүй. Эсвэл Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийх бас боломжгүй.
28 чиглэлийн автобус төв зам дээрээ давхцаж түгжрэл үүсгэдэг явдлыг засах зорилгоор энэ ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийн ард авлига, хээл хахуул, ашиг сонирхол нуугдсаар ирсэн. Юу гэвэл хамгийн ашигтай чиглэлүүдийг булаацалдаж аваад тэр чиглэл дээрээ бүгд шахцалдан түгжирч зөвхөн ашгийн төлөө ажилласаар ирсэн. Үүнд нь ч манай иргэд дасчихсан. Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнбугай ч дургүйцэх нь дамжиггүй." гэсэн юм.
Энэ асуудлыг хөндөх нь зөв. Гэсэн ч өнөөдөр өвлийн хүйтэнд иргэд осгохын наагуур гэртээ орж байна.
Автобус ирэхгүй, ирсэнд нь багтахгүй, аргаа ядсан хүүхэд багачууд, иргэд замын хажуугаар сүрэглэн алхаж байна. Нэг хэсэгтээ томчууд чиглэлээ мэдэхгүй будилж байсан бол хичээл эхлээд одоо хүүхдүүд нь төөрч , будилж явна.
Нийтийн тээврийн шинэчлэлийг бид хүсч байгаа. Тэгэхдээ ингэж л биш шүү...