Х.НЯМБААТАР: Метроны замын нийт урт 18.3 км байхаас 6.6 км нь газар доогуур явна
Хотын дарга Х.Нямбаатар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй өчигдөр уулзаж, метро болон бусад томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар метроны талаар танилцуулахдаа "Бидэнд метротой болох хоёр арга зам байгаа. Эхнийх нь урьдчилсан ТЭЗҮ-гээ үндэс болгоод араас нь ажлын зураг зуруулж түүн дээрээ суурилж метроны тендерийг зарлах. Эсвэл одоогийн урьдчилсан ТЭЗҮ дээр суурилан ЕРС нөхцөл буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр явах гэсэн хоёр сонголт дээр ирчхээд байна.
Япончуудын хувьд бидэнд "Та нар энэ төслөө ЕРС нөхцөлөөр зарласан нь эдийн засгийн үр өгөөжтэй. Учир нь хүний хийсэн ТЭЗҮ, зураг дээр өөр гүйцэтгэгч шалгарахаар заавал барилгын хийцлэлд өөрчлөлт оруулдаг үрэлгэн зардал гардаг. Хоёрт ЕРС нөхцөл дотроо зургийнхаа өртгийг шингээгээд явбал гүйцэтгэгч компани өртөг багатай барих боломж бий" гэж байгаа. Үүний дагуу ЕРС нөхцөлөөр явахад бас хоёр асуудал гарч ирсэн. РМС буюу гүйцэтгэгчид хяналт тавьж явдаг зөвлөх үйлчилгээ болон гүйцэтгэгчээ шалгаруулах хоёр ажил бидний өмнө хүлээгдэж байна.
Урьдчилсан ТЭЗҮ гурван сонголттой байсан.
Нэгд япончууд өөрсдөө 1.7 тэрбум ам.доллароор барьж өгье гэсэн.
Хоёрдугаарт та нар өөрсдөө төслийн менежментээ авч яваад мөнгө босгоод багаа олж чадвал 1.5 тэрбум ам.доллар болно.
Гуравт та нарт бэлэн санхүүжилт нь байгаа тохиолдолд нээлттэй тендер зарлаад үнээр нь өрсөлдүүлбэл 1.3 тэрбум ам.долларт багтааж барих боломжтой гэсэн. Үүнээс бид гурав дахь хувилбарыг сонгосон. Үүн дотроо РМС-г давхар багтаана. Төслийг эхнээс нь дуусан дуустал захиалагчийн өмнөөс хяналт тавиад гүйцэтгэлийг тухай бүрд нь харж түүнийх нь дагуу бид хянаад явах ёстой юм.
Олон улсын жишгээр РМС-гийн өртөг нийт төсөвт өртгийн 4-6 орчим хувь байдаг юм байна. Энэ сарын 20-ны дотор РМС-г зарлана. Зэрэгцээд Cap шинийн баяраас өмнө гүйцэтгэгчийг зарлана. Үүний дараа ЕРС нөхцөлөөр гүйцэтгэгч ажилдаа орох боломж бүрдэнэ гэсэн ажлын дараалалтай байна.
МЕТРОНЫ ЗАМЫН НИЙТ УРТ 18.3 КМ БАЙХААС 6.6 КМ НЬ ГАЗАР ДООГУУР ЯВНА
Метроны маршрут бол Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл ойролцоогоор 17.6 км, депо дотор зай талбайтайгаа нийлээд 18.3 км орчим нэгдүгээр шугамтай төлөвлөсөн. Үүнээс гадна хоёр дахь хувилбар гарч ирсэн. Тодруулбал Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж буй Яармагийн замын ачааллыг шийдэхийн тулд энэ маршрутаар зүүн талаас Амгалангаас явуулаад Таван шар өнгөрөн төмөр замаар давуулаад "Степпа Арена" хүргэнэ.
Түүнээс цааш газраар LRT нөхцөлөөр Хөшигийн хөндий хүргэх 60 орчим км урт ЕРС нөхцөлөөр тендер зарлах хувилбар яригдаж байна. Үүнийг урьдчилсан ТЭЗҮ-тэй харьцуулан, гаднын зөвлөхүүдтэй ярилцаж байгаад шийдлээ олно. Метроны аль ч хувилбараар явсан бай 6.6 км нь далд явна. Газрын гүнээр явахын хэрээр өртөг өсдөг юм байна. Зах хэсэг дээрээ Офицеруудын ордны орчмоос газар доогуур орно. Аравдугаар хорооллын ногоон байгууламжийн орчмоос газар доороос гарч ирээд ил гараад явах юм.
Засгийн газрын түвшинд метрогоор дагнаж мэргэшсэн дөрөвхөн хүн байдаг. Тэднийг ажлын хэсэгт оруулсан. Түүнээс гадна гадаадад байгаа метроны төсөл дээр ажиллаж байгаа монгол залуучуудтай холбогдлоо. "Та хэд Монголд ирээч. Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөх үйлчилгээг бүхэлд нь хариуцаж яваач" гэдэг хүсэлт тавьсан. Гаднынханд зөвлөх үйлчилгээний зардал өгч байгаа учраас гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ санал болгоё гэдэг байдлаар ярьж байна. Өмнөд Африк, АНУ, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлээр ажиллаж байгаа залуус байна.
Энэ төсөл дээр Засгийн газрын зүгээс гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөхөөр тохирсон. Айлын тал өөрийнхөө мөнгийг гаргаад төслийн 20 хувь, 30 хувийн гүйцэтгэлийг хийгээд РМС гүйцэтгэл бүрэн байна гэж бичиж өгвөл Төрийн сангаас санхүүжилт шилжүүлдэг зарчмаар явна.
Санхүүжилтийн хувьд Улаанбаатар хот метроны санхүүжилтийг өөрсдөө хариуцна. Ирэх жилүүдэд улсын төсөвт нийслэл хөрөнгө төвлөрүүлэхгүй байя гэдэг зарчим дээр Сангийн яамтай ойлголцож байгаа. Хот жилд дунджаар 100 гаруй сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ мөнгө болон бусад урсгал зардал үр ашиггүй хөрөнгө оруулалтаа хэмнэх замаар метроны төслийг ойрын дөрөв таван жилд санхүүжүүлж дуусгана.