“ҮНСЭНД ХАЯСАН ШАЛЗ“
Монгол хэлний их тайлбар толинд "ҮНСЭНД ХАЯСАН ШАЛЗ" гэх хэлц үгийг "юу ч үгүй болж ганцаар хаягдах" хэмээн тайлбарласан байдаг. Улаанбаатарчууд өнөөдөр яг л ийм байдалтай байна.
Нийслэлийн төрсөн өдөр буюу Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 385 жилийн ой энэ жил тохионо. Байгуулагдаад 400 орчим жил болсон УЛААНБААТАР ХОТОД өнөөдөр болж, бүтэж байгаа зүйл ховор гэхэд хилсдэхгүй.
Иргэддээ ээлгүй, ногоон байгууламжгүй, сурах орчин хомс, утаа, тоос тоосонцор, хөрсний бохирдол нь тартагтаа тулсан, хүүхэд хөгшид гараад тав алхаад л халтирч унаад хамаг ясаа тараагаад, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирдог. Утаандаа хордож, автобуснаасаа жийгдэж, торгуульдаа идэгдэж, ер нь энэ хотод эрүүл ухаантай хүн тэсч үлдэхийн аргагүй.
Гэтэл бид тэссээр, тэвчсээр, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл цурам хийлгүй ажилласаар, амьдарсаар. Хэний төлөө, юуны төлөө... Сайн сайхан амьдралын төлөө хичээн зүтгэвч хязгаар нь үл харагдах мэт. Хичээгээд хичээгээд өдрийн хоолноосоо илүү гарахгүй байгаадаа гутгах ч энэ амьдралд гэрэл гэгээтэй зүйл зөндөө бий. Тэр гэрлээр л өөрсдийгөө тайтгаруулан, тайвшран амьдарч буй харх шиг нийслэлчүүд...
Бидний хот сайхан болно гэх мөрөөдөл минь хоосон битгий байгаасай. Монголчууд ер нь л сайн сайхан амьдраасай. Энгийн нийгмийн эрүүл бүхэн мөрөөдөл нь биш байгаасай.