Урт цагааны худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж эхэллээ
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг санал өгсөн иргэдийн 96% нь дэмжсэн. Тэгвэл тус барилгыг нураах ажил өнөөдөр эхэлж байгаа аж.
Урт цагааны барилгыг нураах ажлын Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцсанаар барилгыг бүрэн чөлөөлж байна. Чөлөөлж дуусангуут нурааж эхэлнэ.
Эхлээд А корпусыг буулгана. Урт цагаанд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ч гэрээ хийсэн 24 аж ахуйн нэгж, зургаан иргэн байдаг. Эдгээр нь хамгийн бага үнээр нийслэлтэй гэрээлж, цааш нь түрээсэлдэг байсан.
2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулаагүй ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Нийт зургаан удаа албан мэдэгдэл өгсөн.
Хүйтний улиралд барилгыг буулгаж, дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөл боловсруулж байгаа. Ямар нэгэн байдлаар барилга барихгүй” гэлээ.