“НАСНЫ ХИШИГ“ хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч эхэллээ
Ахмадуудын “Насны хишиг”, эхчүүдийн Алдарт эхийн одонгийн мөнгийг Цагаан сараас өмнө олгодог. Энэ дагуу СХД-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь "НАСНЫ ХИШИГ" хөтөлбөрт шинээр хамрагдах ахмад настнуудын хүсэлтийг хүлээн авч эхэллээ.
Үүнд 1958 оны 7 дугаар сарын 16-наас 1959 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны 2 дугаар сарын 9-өөс өмнө "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргах юм.
Өмнө нь "НАСНЫ ХИШИГ" авч байсан ахмадууд хүсэлт гаргах шаардлагагүй аж.
Хуулийн дагуу 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа төр, засгаас “Насны хишиг” олгодог бөгөөд 65-69 настай ахмад 50 мянга, 70-79 настай ахмад 80 мянга, 80-89 настай ахмад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог юм.