ТОДРУУЛГА: Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай байгаа учир өөр харагдаж байгаа
Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа.
Эдгээр автобусны эхнийх нь ирж яваа тухай өнөөдөр /2023.12.26/ Хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ" хэмээн мэдээлсэн.
Гэхдээ үүнтэй зэрэгцээд Хотын даргын оруулж ирэх гэж буй автобуснуудын өнгө загвар нь "ЗӨРСӨН ҮҮ" гэдэг хардлагыг төрүүлж байна. Учир нь Х.Нямбаатар даргын энэ сарын 18-ны өдөр оруулсан зураг болон өнөөдөр оруулсан бичлэг дээрх автобуснууд өнгө загварын хувьд өөр өөр харагдаж байга талаад бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад, "Шинээр оруулан ирж буй автобуснуудын гадна талд “хуулга наасан“ учир өөр харагдаж байгаа юм. Улаанбаатарт ирсний дараа хуулгыг авна. Автобуснууд эхний зураг дээрх шиг өнгө үзэмжтэй ирнэ." гэсэн тайлбар мэдээллийг өглөө.
Мөн энэ сарын 29-нд нийслэлийн "Ажлын хэсэг" БНХАУ-ын Эрээн хотод очиж, эхний ээлжийн автобуснуудыг шалган хүлээн авах аж.