“Урт цагаан“ үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хассан байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хасах асуудлыг хэлэлцсэн юм. Уг барилгыг он удаан жил ашиглалтын явцад арчилгааг тогтмол хийж байгаагүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоогүй барьсан зэргээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Иймд нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болжээ.
Одоогийн байдлаар барилгын 1 дүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байгаа бөгөөд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, 3 иргэнд байр, талбайг чөлөөлөх, түрээсийн төлбөр төлөх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар өнгөрсөн сард явуулсан санал асуулгад 3,262 хүн оролцсоноос 3,122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгохыг дэмжсэн үр дүн гарчээ.