ИРГЭН: Өмчилсөн газраа дахин төлөвлөлтөд өгөх үгүйгээ ч шийдэх эрхгүй хөрш айлууд нь өгвөл хүчээр өгдөг хууль батлахыг дэмжихгүй
Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан. Тэрээр "Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 гаруй жил ярьсан. Харамсалтай нь дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орон байраа алдаж, ажил явагдахгүй байна. Иймд дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос иргэн, аж ахуйн нэгжүүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авсан тохиолдолд газар чөлөөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж ирж байгаа. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм." хэмээсэн.
Тэгвэл энэ талаар нэгэн иргэн цахим хуудаснаа "Хуучин нурж унах шахсан байшин авч хэдэн жил цалингаа цуглуулж засаж янзалсаар айл болсон юм. 200м2 амины сууц газраа 2 өрөө умгар байраар өгнө гэж юу гэсэн үг вэ. Өөрийн өмчилсөн газраа дахин төлөвлөлтөд өгөх үгүйгээ ч шийдэх эрхгүй хөрш айлууд нь өгвөл хүчээр өгдөг хууль батлах гэж Хотын дарга Х.Нямбаатар зүтгүүлж байна. Зүгээр суугаагүй халамж горьдоогүй ахуй амьдралаа өөд татаж босгосон нь хохирдог хуультай болчих юм биш биздээ.... гэр хорооллын бид дэд бүтцээ аваад хашаандаа сайхан амьдармаар байдаг яадаг юм билээ. Цастай нь өнөөдрийн зураг. Хашаанд амьдрах сайхан шүү." хэмээв.