Х.Нямбаатар: Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр " Автозамын түгжрэлээ бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Дэлхийн улс орнууд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийснээр тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик тоо байдаг. Бид эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно.
Хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан.
Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. 2,000, 5,000, 10,000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий.
Харин төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө. Жишээлбэл 1,000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг.
Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна" гэв.