Х.Нямбаатар: Нийслэлд гурван шугам бүхий МЕТРО БАРИНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр танилцууллаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн зоригтой бөгөөд оновчтой шийдэл бол метротой болох.
Үе, үеийн хотын дарга нар метроны асуудал, масс тээврийн хэрэгсэл баръя, тавъя гэдэг мөрөөдөлтэй байсан боловч ТЭЗҮ болон санхүү, улс төрийн дарамт шахалтаас болж нуран унаж байсан.
Тэгвэл бид нар ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна.
БНХАУ-ын метро барьдаг төрийн өмчит компаниудтай Улаанбаатар хот хамтран ажиллах боломж, нөхцөлийг ойрын үед судалж танилцуулах асуудлаар Монгол, Хятадын Засгийн газрын тэргүүн нар яриа хэлэлцээ амжилттай болсон.
Улаанбаатар хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг метро, тойрог хурдны зам барьж байгуулахад эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж байна.
Метро, тойрог хурдны замыг байгуулах төслүүдэд хэлэлцээрийн ширээг ахалж сууна. Ингэснээр Улаанбаатар түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй хот болох боломж бүрдэнэ.